Боловсролын үнэлгээний төвийн дотоод хяналт, шалгалтын ажлын үндсэн зорилго нь Монгол Улсын Хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тушаал, удирдамж болон байгууллагын дотоод журмын хэрэгжилтийг хангуулахад оршино. Тайлант хугацаанд дотоод хяналтын нэгжээс төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шалгалтын үйл ажиллагааны ил тод, шударга, нууцлалтай байдлыг хангах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллалаа.
Энэхүү улирлын тайланд Монгол хэл бичгийн шалгалт, Ерөнхий боловсролын сургуулиудын Гүйцэтгэлийн үнэлгээ, Элсэлтийн шалгалт (ЭШ)-ын бэлтгэл болон зохион байгуулалтын шатанд хийгдсэн хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдал, иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг нэгтгэн дүгнэв.
Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эх хэлний дархлааг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг Монгол хэл бичгийн шалгалтын бэлтгэл ажил болон үндсэн шалгалтын үйл ажиллагаанд дотоод хяналтын чиглэлээр дараах ажлуудыг гүйцэтгэсэн болно.
Шалгалтын даалгавар боловсруулах багийн үйл ажиллагаа, нууцлал хангагдсан байранд ажиллах журам, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хянан баталгаажуулсан. Даалгаврын сан бүрдүүлэлт, хувилбар сонголт, хэвлэн үржүүлэх болон баглаж лацдах үйл явцад хөндлөнгийн хяналт тавьж, ямар нэгэн мэдээлэл алдагдах, задрах эрсдэлгүй болохыг тогтоов. Улсын хэмжээнд шалгалтын материалыг хүргүүлэх маршрутын дагуу цагдаагийн хамгаалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдалд явцын хяналт хийсэн.
Улсын хэмжээнд байгуулагдсан шалгалтын төвүүдийн бэлэн байдал, анги танхимын зохион байгуулалт, хянагч багш нарын томилгоо зэргийг түүвэрлэн шалгалаа. Мөн баталгаажсан удирдамжийн дагуу шалгуулагчдыг таних, бичиг баримтыг тулгах үйл явцад гарсан техникийн жижиг саатлуудыг шуурхай шийдвэрлэсэн байна. Сэдэв даалгаварын бүрэн бүтэн байдалд болон сэдвийг тухайн БҮТ-ын хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх ажлыг хийсэн.
Шалгалтын дараах материалын төвлөрсөн засалт, сканнердалтын үйл явцад дотоод хяналтын ажилтнууд байнгын байршиж хяналт тавьсан. Сканнердах төхөөрөмжийн нарийвчлал, гар аргаар засах задгай даалгаврын үнэлгээний багийн багш нарын үнэлгээний нэгдмэл байдалд түүвэр хяналт хийхэд үнэлгээний зөрүү хүлцэх хэмжээнээс хэтрээгүй бөгөөд оноо шивэлтийн явцад алдаа гараагүй болохыг баталгаажуулав.
Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар, багшийн ажлын үр дүнг бодитой тогтоох зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд зохион байгуулахад дотоод хяналтын зүгээс онцгой анхаарч ажиллалаа.
Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах сургууль, анги, бүлэг, суралцагчдын түүврийг статистик аргачлалын дагуу үнэн зөв сонгосон эсэхийг хянав. Сургуулиудын зүгээс үнэлгээний дүнд нөлөөлөх зорилгоор сурлагаар хоцрогдолтой суралцагчдыг шалгалтаас чөлөөлөх, зохиомол чөлөө өгөх зэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, ирцийн бүртгэлийг цахим систем дэх суурь мэдээлэлтэй тулган баталгаажуулсан.
Гүйцэтгэлийн үнэлгээ цахим хэлбэрээр явагдсантай холбогдуулан серверийн ачаалал даах чадвар, цахим системийн аюулгүй байдал, халдлагаас хамгаалах бэлэн байдалд мэдээллийн технологийн хяналт хийлгэсэн.
Оны хамгийн хариуцлагатай, өргөн хүрээний ажил болох Элсэлтийн шалгалтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу, ямарваа нэгэн эрсдэлгүй зохион байгуулахад чиглэсэн цогц хяналтыг хэрэгжүүллээ.
Элсэлтийн шалгалтын цахим бүртгэлийн системд бүртгүүлэгчдийн мэдээллийн үнэн зөв байдал, төлбөр тооцооны системтэй холбогдсон байдал, хувийн мэдээллийн нууцлалыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгав. Бүртгэлийн хугацааг сунгах, нэмэлт бүртгэл хийх үед системийн лог (log) бичлэгийг хянаж, гадны нөлөөлөл болон зөвшөөрөлгүй өөрчлөлт ороогүйг тогтоосон.
Нийслэл болон орон нутагт томилогдсон шалгалтын байруудын техникийн болон харуул хамгаалалтын бэлэн байдлыг шалгах удирдамжийг хэрэгжүүлэв. Үүнд:
Тайлант хугацаанд Боловсролын үнэлгээний төвд иргэд, суралцагчид, эцэг эх асран хамгаалагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн дагуу хүлээн авч, хугацаанд нь хянан шийдвэрлэлээ.
Тайлант хугацаанд ирүүлсэн нийт өргөдөл гомдлын дийлэнх хувийг шалгалтын оноо дахин тооцуулах тухай хүсэлт, бүртгэлийн мэдээлэл засварлах, бичиг баримтын зөрчил арилгуулах, шалгалтын цаг болон байршилтай холбоотой гомдлууд эзэлж байна. Мөн Монгол хэл бичгийн шалгалтын болон гүйцэтгэлийн үнэлгээний даалгаврын найруулга, агуулгатай холбоотой цөөн тооны санал ирсэн.
Өргөдөл, гомдол хүлээн авалтын ерөнхий мэдээлэл
Боловсролын үнэлгээний төвд ирсэн байгууллага, хувь хүмүүсээс ирсэн өргөдөл, гомдлын тайлан.
Гомдлын бүтцийн ангилал:
| № | Гомдлын үндсэн чиглэл | Ирсэн тоо | Эзлэх хувь (%) | Шийдвэрлэсэн байдал |
| 1 | Шалгалтын даалгаврын үнэлгээ, оноо дахин бодуулах | 739 | 86% | Өргөдлийг нэг бүрчлэн хүлээн авч шалгалтын материалыг дахин хянаж хариу өгсөн. |
| 2 | Шалгуулагчийн хувийн мэдээллийн зөрчил (Овог нэр, РД, цээж зураг) | 28 | 3.2% | Шалгуулагчдын цээж зураг овог нэрийн зөрүүг засварласан. |
| 3 | Шалгалтын явц, зохион байгуулалттай холбоотой | 5 | 0.5% | Шалгалтаасаа хоцороход оруулаагүй, цүнх утастай оруулсангүй гэсэн хэд хэдэн гомдол ирэхэд шалган үзээд зохицуулалт хийсэн. |
| 4 | Техник болон цахим системийн саатал (Дүн харагдахгүй байх г.м) | 80 | 9.3% | Мэдээлэл технологийн албатай холбогдон тухай бүрт асуудлыг шийдвэрлэсэн. |
| НИЙТ | 852 | 100% | 100% хаагдсан |
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ба Шийдвэрлэлт:
Боловсролын үнэлгээний төвөөс томилогдсон “Өргөдөл, гомдлын комисс” болон холбогдох мэргэжилтнүүд өргөдөл бүрийг тус бүрчлэн шалгаж, дараах арга хэмжээнүүдийг авч ажиллав.











