Facebook Twitter Google+ LinkedIn

Бүтээлчээр унших чадварын боловсролд хийсэн судалгаа

Бүтээлчээр унших чадварын боловсролд хийсэн судалгаа

Нийслэлийн зарим сургуулиудын  2 ба 3 дугаар ангийн 8-10 настай сурагчдын “Бүтээлчээр унших чадвар” –ын боловсролд хийсэн тандалт судалгааг 2003 онд хийлээ. Судалгаагаа эхлэхээс өмнө Олон улсын хэмжээнд болон монгол улсын хэмжээнд энэ асуудлыг ямар хэмжээнд авч үзэж хэрхэн судалж байгааг олж мэдэх талаар нэлээд ажиллалаа. Мөн 2007 онд 39 сургуулийн 5-р ангийн хот, хөдөөгийн 780 гаруй сурагчдын дунд мөн энэ аргачлалаар Дэлхийн банкны санхүүжилтээр хийлээ.

Хүн төрөлхтний даяаршил болон нийгмийн хөгжлийн шалгуурыг ханган ажиллаж амьдрах, бодит чадвартай, хариуцлагатай, бүтээлч иргэний төлөвшил нь мэдлэгийн тодорхой нэг салбарын гүнзгийрэлтээр ч биш, нэвтэрхий толь шиг олон талын салангид мэдлэгийн өргөн хүрээгээр ч биш харин асуудлын мөн чанараас үл хамааран түүнийг бүтээлчээр хариуцлагатайгаар шийдвэрлэн чанартай амьдрахад нь шаардлагатай цогц чадамжуудаар тодорхойлогдох боллоо. Ийм цогц чадамжуудыг олон улсад “амьдрах ухаан” гэсэн нэр томьёогоор ерөнхийд нь нэрлэж байна.             Тухайбал, суралцагч зүгээр нэг баримт мэдээллийг уншаад цээжлэн ярих биш харин энэ  баримт мэдээллээ боловсруулж, нотолгоо гарган батлах арга барил, сэтгэлгээнд суралцах, өөрөөр хэлбэл зорилго хэрэгцээндээ нийцүүлэн мэдээллийг хэрэглэж , ашиглаж сурахад илүү анхаарч байгаа бөгөөд ийм ч учраас энэ чадварыг Монгол улс боловсролын зорилго- эцсийн үр дүнгийн  нэг болгон дэвшүүлж байна. / Монгол улсын Бага дунд боловсролын стандарт/

Ийнхүү хүүхдийг бүтээлчээр сэтгэж, бие даан суралцах чадвартай хүн болгох гол түлхүүрийг суралцагчдын унших чадвараас хайх нь зүйтэй  гэсэн чиг хандлагад  дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.            

“Уншлага бол жирийн нэг үндсэн чадвар төдий биш, оюуны харийн төвөгтэй процесс мөн. Учир нь унших чадварыг хэрхэн эзэмшсэнээс тухайн хүүхдийн оюуны хөгжил шууд хамаардаг” хэмээн алдарт сурган хүмүжүүлэгч Сухомлинский хэлжээ.

21дүгээр зууны  чадварлаг Монгол иргэн бэлтгэхэд дээрхи чадвар үнэхээр чухал  гэдгийг онцгой анхаарч  БСШУ-ны яамнаас  2-3 дугаар ангийн 8-10 настай сурагчдынхаа Бүтээлчээр унших чадварын боловсролд тандалт судалгаа явуулахаар шийдвэрлэж энэ судалгааг БСШУ-ны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв, Essential Education ТББ –ын дэргэдэх Сургалт оношлогооны төвүүд хамтран хийлээ.            

Судалгааны багийнхан “Бүтээлчээр унших чадвар” гэдгийг эхийг уншаад ойлгох, хэрэгтэй зүйлээ ялган тогтоох, өөрийн зорилгод бүтээлчээр ашиглах, нийгмийн амьдралд оролцохын тулд уншсан зүйл, олж авсан мэдээллээ эргэцүүлэн бодох, бүтээлч уншлагаар дамжуулж бие даан суралцах арга олж авах явдал  хэмээн тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл уншсан зүйлээ илүү идэвхтэй хэрэглээ шаардсан нөхцөл байдалд хэрэглэж чадах суралцагчийн чадвар гэж тодорхойлж байна.             Бид судалгаагаа эхлэхээс өмнө Олон улсын хэмжээнд болон монгол улсын хэмжээнд энэ асуудлыг ямар хэмжээнд авч үзэж хэрхэн судалж байгааг олж мэдэх талаар нэлээд ажиллалаа. Бидний судалгааны ажилд чиг өгсөн хамгийн чухал мэдээлэл нь PISA буюу Суралцагчдыг үнэлэх Олон улсын   хөтөлбөрөөс явуулдаг судалгаа байлаа. Энэ байгуулалагаас 2000 онд дэлхийн янз бүрийн орнуудын суурь боловсрол эзэмшсэн 15 настнуудын бүтээлчээр унших чадварыг “эх хэлээрээ мэдээлэлд боловсруулалт хийх чадвар“ гэдэг нэрээр судалсан бөгөөд уг судалгаанд дэлхийн 32 орны 17 сая сурагчдын төлөөлсөн 265000 сурагчид оролцжээ. Монголын сурган хүмүүжүүлэх эрдэмтэд хурдан, ойлгуулж унших чиглэлд нэлээд зүйл хийсэн боловч бүтээлчээр уншуулах чиглэлээр  хийсэн тоймтой туршилт , судалгааг бид олж чадсангүй. Харин Нийслэлийн Гоц Авьяастай хүүхдийн 93-р сургууль 2 жилийн өмнөөс энэ чиглэлээр иж бүрэн биш ч гэсэн туршилт  судалгаа хийж тусгай хичээл орж ном гарын авлага гаргасан байсан нь сонирхол татлаа.  

Судалгааны зорилго 

Энэхүү судалгаанд нийслэлийн Ерөнхий боловсролын 9 сургуулийн 2 ба 3 дугаар ангийн 8-10 настай 889 сурагч оролцсон бөгөөд тэд хөндлөнгийн хяналт дор даалгавруудыг амаар гүйцэтгэсэн болно. 

  • Судалгааны гол зорилго нь : Суралцагчдын бүтээлчээр унших чадварыг тандан судлах явдал байсан бөгөөд гэхдээ уншиж чадаж байна уу? гэдгийг биш харин бүтээлч уншлагаар дамжуулан суралцаж чадаж байгаа эсэхийг илрүүлэх явдал байлаа. Өөрөөр хэлбэл уншлага нь тухайн хүүхдийн цаашид амжилттай суралцах үндсэн багаж нь болж чадаж байна уу? үгүй юу? Сурагч энэхүү багажаа ашиглан мэдээлэлд идэвхтэй боловсруулалт хийх анхны  дадал чадвар сууж уу үгүй юу гэдгийг илрүүлэх явдал байлаа.
  • Судалгааны зорилтууд:
    • Суралцахуйн үйл ажиллагааны онолын дагуу бүтээлчээр унших үйлийн баримжааг ялган таньж эзэмших үе шатанд / интериоризацийн/ 
      • Зөв унших арга техникийг хэрхэн эзэмшив. Үг үгээр уншиж байна уу? өгүүлбэрийн утгат хэсгээр эсвэл бүтэн өгүүлбэрээр уншиж байна уу гэдгийг унших хурдын хамт судлах
      • Ухамсартайгаар гүйлгэн дүрсэлж уншиж чадаж байна уу? Унших явцдаа хэр ойлгож, ойлгосноо үг яриагаар хэрхэн  илэрхийлэх чадварыг илрүүлэх.
      • Уншсан эхээсээ өөрт хэрэгтэй зүйлийг ялган тогтоож үнэхээр хэрэгтэй, чухал гэж үзсэн шалтгаанаа тайлбарлан нотлох чадваруудыг илрүүлэн таних  бөгөөд ёстой дээрхи зорилтуудыг манай судалгааны 1-4 дүгээр түвшингүүд ханган биелүүлэх юм. 
        1.  – Унших чадвар ба хурд
        2. Агуулгыг үгээр илэрхийлэх чадвар
        3. Эхийн агуулгын хооронд хамаарал тогтоох чадвар
        4. Агуулгаас сэдэвлэн асуулт зохиох чадвар
    • Үйлийн баримжааг хөгжүүлэх / экстероризацийн / үе шатанд
      • Уншиж байгаа зүйлийнхээ агуулгыг бодох төдийгүй өөрийн амьдралын туршлага, тухайн эхийн талаар өөрт хуримтлагдсан мэдлэг зэрэгтэйгээ холбож түүнийг янз бүрийн нөхцөлд хэрэглэж сурах төдийгүй уншиж мэдсэн зүйл нь цаашид бие даан сурах , шинэ мэдлэг бүтээх аргачлал нь болох хандлага байгаа эсэхийг илрүүлэх ёстой бөгөөд энэхүү зорилтыг манай судалгааны V түвшин хангаж байгаа болно
      • V түвшин – Агуулга болон бодит орчны хамаарлыг тогтоох чадвар хэмээн томьёологдсон .
  • Судалгааны төрөл 
    • I шатанд тодорхойлох
    • II шатанд тайлбарлах
  • Судалгааны арга
    • Тодорхой тохиолдлын арга: Бололцоонд үндэслэсэн санамсаргүй түүврийн хэлбэрээр
      • А. Туршилт / Бодит нөхцөл дэх лабораторийн бус/
      • Б. Ярилцлага / Стандартчилагдсан/

Судалгааны баримт

   А. Хэлбэр       1. Тооны

                        2. Чанарын

   Б.Ангилал     

  1.  Хамаарах хувьсагч
    • Унших чадвар
    • Бүтээлчээр унших чадвар
  2. Үл хамаарах хувьсагч
    • Нас
    • Сургалт ба унших техник
    • Сурах бичиг ба уншуулсан эх
  3. Дэмжих хувьсагч
    • Гэр бүл ба нийгмийн орчин
    • Унших хэрэгцээ
  4. Дамжуулагч хувьсагч
    • Хугацаа
    • 1-5 дугаар түвшний даалгаврууд
    • Судлаачийн үйл ажтллагаа.
  • Судалгаанд хамрагдагсад
    • Нас 8-10
    • Анги- 2 ба 3 дугаар анги
    • Сургууль   13,23,93,1,5,15,48,67,7
    • Дүүрэг  

Унших чадварын боловсролд хийсэн тандалт судалгаанаас доорх дүгнэлтэд хүрч байна.

  1. Хүүхдийг бүтээлчээр сэтгэж бие даан суралцах цогц чадамжтай хүн болгохын тулд эхнээс нь зөв арга техникээр уншуулж сургах нь зүйтэй байна.  Судалгаанд хамрагдсан сурагчдаас 2.6% уншихдаа үг үгээр салган уншдаг үгийн хоорондын утгын хамаарлыг тогтоон ойлгох чадваргүй байлаа. Ийм сурагчдыг багш нар нь манай ангийн сул сурлагатай сурагчид  хэмээн танилцуулж байсан бөгөөд ийм хүүхдүүд  сургалтын явцад маш их бэрхшээлд ордог бөгөөд  цаашдаа хэвийн байдлаар суралцаж чадахгүйд хүрдэг байна. Иймээс уншуулж сургах мөчөөс эхлээд бүтэн өгүүлбэр буюу ядаж түүний утгат хэсгийг хүлээн авч ойлгож чаддаг болгох явдал нь цаашид бүтээлчээр уншиж сургахад шийдвэрлэх ач холбогдолтой.       
  2. Нэгээс хоёрдугаар ангид нь ийнхүү түгдрэлгүй зөв  шударга уншуулж сургаад аажмаар гурваас дөрөвдүгээр ангидаа ухамсартаа гүйлгэн дүрсэлж унших, уншсан зүйлээсээ өөрт хэрэгтэй зүйлийг ялган тогтоож энэ хэсгүүдийг харилцан холбоо хамаарлыг тогтоох чадварыг эзэмших ёстой. Эс тэгвээс уншсан зүйлийнхээ учир ухааныг сайн олж сураагүй байтал  дунд ангид шинжлэх ухааны олон хичээлүүдэд дарагдан сул сурлагатнуудын арми өргөжсөөр байна. Үлгэрлэвээс бид сурагчиддаа сэлэхийг зааж өгөөгүй байж  сэл гээд их мөрөн рүү түлхчихдэг байна.          
  3. Сурагчдыг гуравдугаар ангиас нь эхлэн  уншиж байгаа зүйлийнхээ агуулгыг бодох төдийгүй өөрийн өдөр тутмын амьдрал, өөрт хуримтлагдсан мэдлэг зэрэгтэйгээ энгийнээр холбож  түүнийг хэрэгцээтэй үедээ янз бүрийн нөхцөлд хэрэглэж сургахад анхаарахгүй бол уншиж мэдсэн зүйл нь цаашид бие дааж сурах, шинэ зүйл хийж бүтээх аргачлал нь болж чадахгүйд хүрч байгааг бидний судалгаа харуулж байна.  /Судалгаанд хамрагдсан нийт суралцагчдын 3.4 % нь буюу  31 сурагч V төвшний даалгаврыг биелүүллээ.           

Ийнхүү унших чадварыг хэрхэн эзэмшсэнээс тухайн хүүхдийн оюуны хөгжил ямар байх нь шууд хамаардаг байтал  бид багаас нь зөв үр бүтээлтэй уншиж сургаагүй байж хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ хэмээн санаашираад байгаа юм биш биз дээ.  Монголын боловсролын шинэчлэлийн эхлэх цэг нь магадгүй сурах үндсэн чадваруудыг /Бүтээлчээр унших, бичих, сонсох, ярих, сэтгэн бодох/ эзэмшүүлэх явдал хэмээн судалгааны багийнхан дүгнэж байна.

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.