Facebook Twitter Google+ LinkedIn

ЭЕШ-ын журам

ЭЕШ- ын журам

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирлын

 2010 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 03 дугаар тушаалын хавсралт

 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.    Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
 

2.    Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, БСШУ-ны сайдын 2006 оны 69 дугаар тушаал, БСШУ-ны сайдын 2008 оны 54 дугаар тушаал болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

3.    ЭЕШ-ыг 2010 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2010 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.

4.    Шалгуулагч нь монгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, монгол улсын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газар зүйн хичээлүүдээс сонгон шалгуулна.

5.    ЭЕШ-ын сэдэв, даалгаврууд нь энэхүү журмын 4-т заасан хичээлүүдийн стандартын агуулгад нийцсэн шалгуулагчийн мэдлэгийн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулагдсан байна.

6.    ЭЕШ нь сонгон авсан их, дээд сургууль, коллеж болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид ЭЕШ-ын байр гэх/-нд явагдана. Мөн ЭЕШ авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран суурилуулж болно.

7.    ЭЕШ-ын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон ЭЕШ-ыг зохион байгуулах комисс ажиллах ба комисс нь батлагдсан удирдамжийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

8.    ЭЕШ-ын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, БҮТ-ийн зөвлөгөө-мэдээллийн төв, "Элсэгчийн сонин" болон www.eec.mn вебсайтаар олон нийтэд хүргэнэ.

9.    ЭЕШ-ын сэдэв, даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, түүнтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

 Хоёр. ЭЕШ-ын бүртгэл

10.     ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2010 оны 2 дугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба дахин нэмэлт бүртгэл хийхгүй болно.

11.     Бүртгэлийг онлайн /цаашид интернет гэх/-аар болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ.

11.1.      Интернэтийн бүртгэл www.eec.mn вебсайтаар явагдана.

11.2.      Интернетээр бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 8-д заасан мэдээллийн эх сурвалжаас авч болно.

12.    Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

12.1.  Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/

12.2.  Өнгөт цээж зураг /Цээж зураг нь сүүлийн 3 сарын дотор авахуулсан, 150х200 пиксель хэмжээтэй, 75 dpi нягтаршилтай, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нүдний шил болон малгайгүй байна/.

a.  Бүртгүүлэхдээ зургийг зөвхөн нэг удаа оруулах ба зураг оруулаагүй болон шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулахгүй болно.

б. Энэ онд төгссөн шалгуулагч бүртгэлд оруулсан зургийн 1 хувийг тухайн    дүүргийн болон орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтанд хураалгана.

 

12.3.  Бүрэн дунд боловсролын үнэмлэх /Өмнөх онд төгссөн шалгуулагч/

 

13.    Интернетээр бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Монгол Шуудан банк, Капитрон банк, Хас банкны мастер карт болон виза картаар шилжүүлэх боломжтой.

14.    Орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банкны Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаана.

15.    Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ-д бүртгүүлэхдээ боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулж БҮТ-д бүртгүүлнэ.

16.    Гадаадын иргэн, харъяалалгүй  этгээд бүртгүүлэхдээ энэхүү журмын 12-д заасан бичиг баримтыг БҮТ-өөр баталгаажуулахаас гадна “Монгол Улсад оршин суух  үнэмлэх”-тэй байх шаардлагатай.

17.    Шалгуулагч бүртгүүлсэнээс хойш сонгосон хичээлүүдээ нэмэх, хасах, солихыг хориглоно.

18.    ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 4500 төгрөг, батламж карт 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байна.

19.    ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын төлбөрийн 80%-ийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.

20.    Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.

21.    Өмнөх онд төгссөн шалгуулагч /орон нутгийн/ шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.

22.    Бүртгэлийг амжилттай хийсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэн сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч орон нутгийн болон Улаанбаатар хотын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Баганан кодгүй, баталгаажуулалт хийгдээгүй, өөрийн мэдээлэл болон зургаа буруу оруулсан тохиолдолд бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцно.

23.    Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайлан луйврын гүйлгээ хийсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн бүртгүүлэгчийг шалгалтад оруулахгүй.  

Гурав. ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт

24.    Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчийн шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталсан шар өнгийн хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг шалгалт эхлэхээс өмнө ЕБС-иудаар дамжуулан тараана.

25.    Орон нутгийн нийт шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар, ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтан, Улаанбаатар хотод өмнөх онд төгссөн шалгуулагчид “Сан” дээд сургууль дээр байрлах зөвлөгөө, мэдээллийн ажилтнуудаас хүлээн авна.

26.    Шалгуулагч дараах материалуудтай шалгалтад орно. Үүнд:

26.1.  Бүртгэлийн хуудас  / баталгаажуулсан байх/

26.2.  Суудлын хуваарь

26.3.  Бүрэн дунд боловсролын үнэмлэх

26.4.  Иргэний үнэмлэх

a.  Хэрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2010 оны 6 сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, сурч буй сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт шалгалтад авчирна.

б. Гадаад паспорт, цэрэг, цагдаагийн үнэмлэх, жолооны үнэмлэх байж болно.

27.    Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн бүх шалгалтыг хүчингүй болгоно.

28.    2010 оны ЭЕШ доорх хуваарийн дагуу орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг явагдана.

                             6-р сарын 11-ний өдөр

  14.00 -15.20 Монгол улсын түүх

 16.30 -17.50 Орос хэл

6-р сарын 12-ны өдөр

   8.30 -9.50   Газар зүй

 11.00 -12.20 Математик

 14.00 -15.20 Биологи

 16.30 -17.50 Англи хэл

6-р сарын 13-ний өдөр

   8.30 -9.50    Хими

 11.00 -12.20 Нийгмийн тухай мэдлэг

 14.00 -15.20  Монгол хэл

 16.30 -17.50 Физик

29.    Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалтын өгөх анги, танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.

30.    Шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, дуу хураагуур гэх мэт болон бусдад саад болох, хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.

31.    Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтанд орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги, танхимд мөрдөх дүрэм, журмыг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна.

32.    Шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

33.    Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.

34.    Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын танхимд хүн орж, гарахыг хориглоно. Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

35.    Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, 30-д хориглосон зүйлүүдийг ашигласан, бусдад туслах, өөрийнхөө оронд хүн оруулах, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан, хуурч мэхлэхийг оролдсон бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгуулагчийн материалыг хүчингүй болгоно.

36.    Шалгалтын хугацаа дуусмагц шалгуулагч хос баганан кодыг тасархай шугамын дагуу дундуур нь хуваан нэг хэсгийг гэрээний хуудсан дээр наах ба нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код наах хэсэг” дээр наан тусгайлан бэлтгэсэн дугтуйнд хийнэ. ЭЕШ-ын зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө битүүмжлэн хурааж авна.

Дөрөв . ЭЕШ-ын дүн мэдээ

37.    Бүх шалгуулагчдын хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгаж машинаар засаж дүн, оноог гаргана.

38.    Шалгалтын даалгаврын зөв хариултыг шалгалт явагдаж дууссанаас хойш 8 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

39.    ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2010 оны 06 сарын 27-ны өдрийн 09:00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулна.

40.    2010.06.27-06.30-нд шалгуулагчдын батламж карт тараана.

41.    Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар, нууц кодоо ашиглан www.eec.mn вебсайтаас үзэж болно.

42.    Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг  сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон хүнээс хүлээн авна.

43.    Орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг өөрийн аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтанаас авна.

44.    Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг “Сан” дээд сургууль дээр байрлах зөвлөгөө, мэдээллийн ажилтнуудаас хүлээн авна.

45.    Шалгуулагчдын мэдээллийг БҮТ дээр электрон сан бүрдүүлэн архивлана.

46.    ЭЕШ-ын батламж карт нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй болно.            

Тав. ЭЕШ-ын өргөдөл, гомдол хүлээн авах

47.    Иргэдээс ирсэн ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллана.

48.    Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой /овог нэр, регистрийн дугаар, цээж зураг/ өргөдлийг бүртгэлийн хугацаанд лавлах утас 70119498, и-мэйл, онлайн чат, мессежийн үйлчилгээгээр but@eec.mnThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it хаягаар хүлээн авна. Мөн өөрийн биеэр бичиг баримттайгаа энэхүү журмын 49-д заасан хаягаар ирж шийдвэрлүүлж болно.

49.    Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2, Засгийн газрын Х байр гэсэн хаягаар БҮТ-д ирүүлнэ.

50.    Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.

51.    Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг мөн хүлээн авахгүй болно.

52.    Шалгуулагч нь ЭЕШ-ын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болон шалгалтын журам зөрчсөнтэй холбогдон үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.

Зургаа. Бусад

53.    БҮТ нь ЭЕШ-ын үр дүн, үйл ажиллагааны тайланг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

54.    ЭЕШ-ын үр дүнгийн талаарх мэдээлэл авах хүсэлтээ албан бичгээр БҮТ-д ирүүлнэ.
Энэхүү журам нь БҮТ-ийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ. .

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.