Facebook Twitter Google+ LinkedIn

Зөвлөмж

ЭЕШ-д бэлтгэгчдэд зөвлөмж

                БҮТ нь ЭЕШ-ыг тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын жишгийн дагуу үнэлгээ хийдэг. Энэ оны шалгалтын хугацаа, хичээл сонголтонд өөрчлөлт ороогүй боловч техник, технологийн дэвшлийг уг шалгалтад түлхүү ашиглахыг зорьсон.
 
Элсэлтийн ерөнхий шалгалт нь тухайн хүний цаашдаа хэрхэн суралцах чадварыг голчлон шалгана. Энэ ч утгаараа шалгалтын сэдэв нэлээд “бүтээлч” байх болно.

Шалгалтын сэдэв нь бүрэн дунд боловсролын стандартын агуулгын хүрээнд байх ба их, дээд сургуульд элсэхийг хүсэгчдээс тухайн мэргэжлээр цаашид ...
 

суралцаж чадах суурь мэдлэгүүдийг шалгахаас гадна өөрийн олж авсан сурах чадвар буюу юмсын ерөнхий учир шалтгаан, шүтэлцээ хамаарлыг олох, эрэмбэлэх, дүгнэх чадвар  гэх мэт бүтээлч сэлгэлгээний  ерөнхий чадваруудыг шалгахад чиглэнэ.

Шалгалтын танхимд танд гэрээний хуудас болон шалгалтын дэвтрийг хариултын хуудасны хамт өгнө.

Шалгалтын дэвтэр гэж юу вэ?

Шалгалтын дэвтэр нь тухайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, А4 хэмжээтэй 4-8 хуудас материал байна. Даалгаврууд нь 2 төрлийн буюу сонгох болон нөхөх даалгавруудаас бүрдэнэ.

·         Сонгох даалгавар Энэ даалгавраар сурагчдын мэдлэг, мадварыг үнэлэх ба зөв хариулт нь өгөгдсөн байна. Тиймээс та тухайн даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэж, олон хариултаас зөв хариултыг сонгох хэрэгтэй.

·         Нөхөх даалгавар  Даалгаврыг гүйцэтгэхдээ хариуг бодож гаргах ба зөв хариу өгөгдөөгүй байна. Энэ нь шалгуулагчдын бүтээлч чадварыг илрүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл бүтээлч эрэлт хайлт хийж, өмнө эзэмшсэн мэдлэг, чадвараа өөр нөхцөлд шилжүүлэн хэрэглэх чадварыг шалгана.


Нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут ба даалгавар бүр өөр өөр оноотой байх тул шалгалтын дэвтэр дээрх гүйцэтгэх зааврыг сайтар уншиж, хугацаагаа зөв зарцуулаарай. Хариуг буруу бөглөсөн тохиолдолд оноо өгөхгүй бөгөөд оноо хасахгүй.

Хариултын хуудас гэж юу вэ?

Хариултын хуудас нь тусгайлан бэлдсэн загвар бүхий хариулт тэмдэглэх зориулалттай, А4 хэмжээтэй хуудас юм. Уг хариултын хуудсыг тусгай программ хангамж ашиглан, засагч машинаар дүгнэх учир засалтанд хүний оролцоо орохгүй болно. Хариултын хуудсыг бөглөхдөө дараах зүйлд анхаараарай.

·         Сонгох хариулттай даалгавруудаас зөвхөн нэг хариуг сонгож, хариултын хуудсан дээрх даалгаврын дугаараар нь будаж тэмдэглээрэй.

·         Нөхөх хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ тухайн даалгаврын дугаар бүхий тусгай хэсэгт өөрийн гаргасан хариугаа будаж тэмдэглээрэй. Ингэхдээ хариултын хуудас болон шалгалтын дэвтэр дээрх зааврыг сайтар анхаарна уу.

·         Хариултын хуудсыг бөглөхдөө үзгэн бал ашиглана.

·         Хариултын хуудсан дээр хариугаа тэмдэглэхдээ будах талбайнаас илүү гаргалгүй нямбай тэмдэглэх хэрэгтэй.

·         Хэрэв та хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх буюу давхар тэмдэглэгээ хийх тохиолдолд хариулт хүчингүй болно.

·         Шалгалтын дэвтэр дээр зөв хариуг тэмдэглэсэн боловч хариултын хуудсан дээрээ хариугаа тэмдэглэгдээгүй тохиолдолд таныг зөв хариулсан гэж тооцохгүй. Учир нь хариултын хуудсыг л машинаар уншуулж дүнг гаргах ба шалгалтын дэвтэр танд үлдэх болно. Мөн та хариултын хуудсан дээрээ тэмдэглэгээ хийсэн эсэхээ сайтар хянах хэрэгтэй.

Гэрээний хуудас болон баганан код гэж юу вэ?

Гэрээний хуудас нь таны зураг болон товч мэдээллийг агуулсан, шалгалтанд орсоныг гэрчлэх хуудас юм. Уг хуудсан дээр таны мэдээллээс гадна шалгалтын танхимд мөрдөх дүрэм, зөвөлгөө байх ба та энэ хуудсан дээр гарын үсэг зурж баталгаажуулна. Шалгалтын хугацаа дууссаны дараа тусгайлан бэлдсэн хос баганан кодыг та дугтуйнаас өөрөө сонгон авч, уг кодыг хариултын хуудас болон гэрээний хуудасны код наах хэсэгт дундуур нь таслан наах ёстой. Баганан кодтой гэрээний болон хариултын хуудсыг тус тусд нь дугтуйлан битүүмжилнэ.

Шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ?

Шалгалтанд бэлтгэхдээ ямар нэгэн гарын авлага, сурах бичгийг дагнан ашиглах шаардлагагүй, хэн нэгний зохиосон номноос даалгавар авахгүй учир өөрийн сонгосон сурах бичиг, гарын авлагаа ашиглан дунд сургуульд суралцсан хугацаандаа заалгасан хичээлийн агуулгыг сэргээж, багш нарынхаа заавар зөвөлгөөний дагуу бэлтгээрэй.

Шалгалтыг өгсөн хугацаанд зөв зохицуулж гүйцэтгэх нь бас нэг чадвар юм. Тиймээс шалгалтандаа бэлтгэхдээ хариултын хуудасны загварыг манай вэб сайтаас татан авч, хариултын хуудастай ажиллах дасгал давхар хийгээрэй.

     Та бүхэн манай байгууллагын www.eec.mn вэб сайтаар элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх зөвлөгөө авч, шалгалт авах хичээлүүдийн жишиг даалгавраар өөрийгөө шалгаж, шалгалтандаа бэлдэх боломжтой.

 

Та бүхэнд амжилт хүсэе.


 

Боловсролын Үнэлгээний төв

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.