Facebook Twitter Google+ LinkedIn

Дүрэм журам


            НЭГ. Ерөнхий зүйл

 

 

            Энэхүү журмыг Монгол улсын хэмжээнд Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшинг тогтоох зорилго бүхий Ерөнхий Шалгалт  / цаашид ЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахад баримтална.

1.1.   Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ерөнхий шалгалтыг зохион байгуулахад Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” , энэхүү журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг дагаж мөрдөнө.

1.2.   ЕШ-ыг  БСШУ-ны Сайдын 422 тоот тушаалын 3.14 дүгээр зүйлд заасан эрх үүргийнхээ дагуу Боловсролын Үнэлгээний Төв /цаашид БҮТ гэх /улсын хэмжээнд зохион байгуулна.

1.3.   Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч болон бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид шалгуулагч гэх/ өөрийн хүсэлтээр ЕШ өгнө.

1.4.   Шалгуулагч нь монгол хэл, математик, нийгмийн ухаан / Нийгмийн тухай мэдлэг, Монгол улсын түүх/, гадаад хэл / англи хэл, орос хэл/, хими, физик, биологи, газар зүй гэсэн хичээлүүдээс элсэх гэж буй их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журманд заасан хичээлүүдийн ЕШ-ыг сонгон шалгуулна.

1.5.   ЕШ-ын даалгавар нь дээр дурдсан хичээлүүдийн стандартын агуулгын хүрээнд, мэдлэгийн төвшин болон сурах ерөнхий чадвар шалгах сонгох, нөхөх тестийн хэлбэртэй байна.

1.6.   ЕШ нь Ерөнхий шалгалтын төв /цаашид ЕШТ гэх/-д буюу Их, дээд сургууль, коллежийн болон ЕБС-ийн хичээлийн анги танхим бүхий cургалтын байранд явагдана. ЕШ-ын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор ЕШТ-ийн анги танхимд хяналтын дуран суурилуулж  болно.

1.7.   Хөдөө орон нутаг болон нийслэл  хотод ажиллах ЕШ-ын комисс /цаашид ЕШК гэх /-ын гишүүд  БҮТ-тэй гэрээ байгуулан ажиллана. ЕШК –ын гишүүдийн эрх үүргийг тусгай журмаар зохицуулна.

1.8.   ЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БҮТ-ийн www.eec.mn вэб хуудсанд байрлуулна.

1.9.   ЕШ-тай холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

 

ХОЁР. Шалгуулагчдыг бүртгэх

 

 

2.1     ЕШ-ын бүртгэл шалгалт явагдахаас 2-оос доошгүй сарын өмнө эхэлнэ.  Бүртгэлийн үргэлжлэх хугацаа 60 хоногоос доошгүй байна.  Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд дахин нэмэлт бүртгэл хийхгүй болно.

2.2     Бүртгэлийг онлайн /цаашид Интернет гэх /-аар болон цаасан хэлбэрээр бүртгэнэ.

2.2.1. Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Орхон аймгуудын шалгуулагчид интернетээр бүргүүлнэ. Мөн аймгийн төвийн шалгуулагчид интернетээр бүртгүүлж болно.

2.2.2. Интернетээр бүртгүүлэхэд шаардлагатай мэдээллийг www.eec.mn веб сайтад байрлуулсан байна.

            2.2.3. Интернетээр бүртгүүлэх боломжгүй аймаг, сумдын шалгуулагчид цаасан хэлбэрээр БҮТ болон аймгийн Боловсрол Соёлын Газар /цаашид БСГ гэх/-ын газраас томилогдсон бүртгэгчид хандан бүртгүүлнэ. Шалгуулагчид заавал өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно.

2.3   Шалгуулагч бүртгүүлэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

Үүнд:

·          Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт

·          Бүрэн дунд боловсролын үнэмлэх / ЕБС-ийн 10-р анги төгссөн бүртгүүлэгчид /

·          Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг/ сүүлийн 3 сарын дотор авахуулсан/

·          Бүртгүүлэх хуудас / бүртгүүлэх хуудсыг БҮТ-ийн вэб хуудаснаас болон аймаг, дүүргийн БСГ, сурч буй сургуулиасаа авна./ бөглөнө.

·          Шалгуулагч сонгосон хичээлүүдээ сайтар нягтлан зөвхөн нэг удаа бүртгүүлнэ.

·          Интернетээр бүртгүүлэх бол шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк,  Капитрон банк, Зоос банк, Улаанбаатар банк, Монгол Шуудан банк, Капитал банк, Хадгаламжийн банк, Хас банкны мастер болон виза картаар шилжүүлэх бөгөөд цаасан хэлбэрээр бүртгүүлэх бол шалгалтын хураамжийг Голомт банкан дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаана.

2.4     ЕШ-ын хураамж нэг шалгалт 3500 төгрөг, батламжны үнэ 500 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламжтай байна.

2.5     ЕШ-ын хураамжийг эргүүлэн олгохгүй бөгөөд бусдад шилжүүлэн тооцохгүй.

2.6     Бүртгүүлсэн шалгуулагчдад баганан код бүхий бүртгэлийн хуудас олгоно. Интернетээр бүртгүүлсэн шалгуулагчдын хувьд бүртгэлийн хуудсыг шууд хэвлэн авна. Баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцно.

2.7     Шалгуулагч бүртгүүлсэн орон нутагтаа шалгалтанд орно.

2.8     Бүртгүүлсэн хичээлийн шалгалт өгөх ЕШТ, анги танхим, суудлын хуваарь, хувийн мэдээлэл агуулсан шар өнгийн хуудас /цаашид шар хуудас гэх/ -ыг шалгалт эхлэхээс өмнө ЕБС-аар дамжуулан тараана. Урьд оны төгсөгчид БСГ эсвэл Боловсролын Зөвлөгөө мэдээллийн төвөөр дамжуулан шар хуудсыг хүлээн авна.

2.9     Бүртгүүлэхтэй болон ЕШ-тай холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэнтэй холбогдон үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

ГУРАВ. Ерөнхий шалгалтын хугацаа, шалгалт авах үйл ажиллагаа

3.1   2007 оны Ерөнхий шалгалт доорх хуваарийн дагуу орон даяар УБ-ын цагаар зэрэг эхэлж, зэрэг дуусна.

6-р сарын 08-ны өдөр

  1400 - 1520 Монгол улсын түүх

  1630 - 1750 Орос хэл

6-р сарын 09-ны өдөр

    830 - 950   Газар зүй

  1100 - 1220 Математик

  1400 - 1520 Англи хэл

  1630 - 1750 Биологи

 6- р сарын 10-ны өдөр

   830 - 950    Хими

  1100 - 1220 Нийгмийн тухай мэдлэг

  1400 - 1520  Монгол хэл

              1630 - 1750 Физик

3.2     Шалгалтын танхимд бүртгэлийн хуудас, шар хуудас, Бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэхтэй шалгуулагчдыг  оруулна. Х..эрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол өөрөөр хэлбэл 2007 оны 6 сарын 1-ээс хойш 16 нас хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа иргэний бүртгэл, мэдээллийн төвөөс зурагтай лавлагаа авна.

3.3     Шалгуулагч шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтанд оруулахгүй.

3.4     Шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага зэрэг зүйл авч орохыг хориглоно.

3.5     Шалгалт эхлэхээс өмнө шалгуулагч бүр гэрээний хуудастай танилцана.  Гэрээний хуудас нь шалгуулагчийн зураг болон товч мэдээлэл, шалгалтын анги, танхимд мөрдөх дүрэм, санамжийг агуулсан, шалгалтанд орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гарын үсэг зурж баталгаажуулна.

3.6     Шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.  Хугацааг шалгалтын материалыг шалгуулагчдад тарааж дууссанаар эхлэн тооцно.

3.7     Сонгох хариулттай даалгаврын хувьд өгөгдсөн хариултуудаас зөв нэг хариултыг сонгож, нөхөх хариулттай даалгаврын хувьд зөв хариултыг шалгуулагч бодож гаргана.

3.8     Хариултын хуудсыг  санамжийн дагуу үзгэн балаар бөглөнө.

3.9     Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас / цаашид шалгалтын материал гэх /-ыг тарааснаас хойш шалгалтын танхимд хүн орж, гарахыг хориглоно.  Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан шалгуулагчын гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

3.10 Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдын дэмжлэг авсан, тусгайлан бэлтгэсэн зүйл, ном, сурах бичиг, гарын авлага ашигласан, бусдад тусалсан, өөрийнхөө оронд өөр хүн оруулсан, хоорондоо ярилцсан, бусдад саад учируулсан зэрэг хэлбэрээр хуурч мэхлэхийг оролдсон бол шалгалтын журам зөрчсөнд тооцож тухайн шалгалтыг хүчингүй болгоно.

3.11 Шалгалтын хугацаа дуусмагц шалгуулагч хос баганан кодыг таслах хэсгийн дагуу дундуур нь хуваан нэгийг нь гэрээний хуудсан дээр наах бөгөөд нөгөөг нь хариултын хуудасны “баганан код наах хэсэг” дээр наан тусгайлан бэлтгэсэн дугтуйнд хийнэ.  ЕШК-ийн гишүүн шалгуулагчдын өмнө хариултын хуудас, гэрээний хуудсыг битүүмжлэн хурааж авна.

 

ДӨРӨВ.  ЕШ -ын дүн мэдээ гаргах, нийтэд мэдээлэх

 

4.1     Хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар уншуулж дүнг мэдээг гаргана.

4.2     Шалгалтын материалуудын зөв хариултыг эцсийн шалгалт явагдаж дууссанаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд нийтэлнэ.

4.3     Шалгалтын дүнг шалгалт дууссанаас хойш 14 хоногийн дараа БҮТ-ийн вэб сайтаар мэдээлэх бөгөөд шалгуулагч өөрийн регистрийн болон бүртгэлийн дугаарыг ашиглан дүнтэйгээ танилцаж болно.

4.4     Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид ЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулиараа дамжуулан хүлээн авах ба Хөдөө орон нутгийн урд жилүүдэд төгссөн шалгуулагчид  аймгийнхаа БСГ-аас, Нийслэл хотын шалгуулагчид ЕШ-ын зөвлөгөө мэдээллийн төвөөс ЕШ-ын батламж хуудсаа авна.

4.5     ЕШ-ын оноо, дүн мэдээг  www.eec.mn вэб сайтад байрлуулна.

4.6     Шалгуулагчдын мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана.

4.7     Дүн оноог гаргах, мэдээлэх, батламж хуудас хэвлэх, онооны жагсаалт гаргах, батламж хүргэх хугацаа

       4.7.1.   2007.06.11-06.24-нд дүнг гаргах, батламж хуудас хэвлэх

                   4.7.2.  2007.06.25-07.01-нд оноог мэдээлэх, онооны жагсаалт гаргах, батламж хуудас тараах 

ТАВ.  ЕШ-ын өргөдөл, гомдол шийдвэрлэх

5.1    ЕШ-ын маргаан шийдвэрлэх комисс /цаашид МШК гэх / нь 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх ба өргөдөл гомдлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.

5.2    Шалгуулагч шалгалтын оноотой санал нийлэхгүй эсвэл даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр шалгалтын дүн зарлагдсанаас хойш 10 хоногийн дотор Барилгачдын талбай-15, Засгийн газрын Х байр, Улаанбаатар гэсэн хаягаар БҮТ-д ирүүлж болно. Шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг хүлээн авахгүй.

5.3    Дүн үнэлгээтэй холбоотой өргөдлийг 6 сарын 25-30-ны хугацаанд ажлын 5 өдөрт багтаан хүлээн авна.

5.4    Шалгуулагчдаас шалтгаалсан өргөдлийг хүлээн авч  шийдвэрлэх боломжгүй.

5.5    Өргөдлийн хариуг 8 сарын 1-ний дотор багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.

5.6    Иргэний хувийн мэдээлэлтэй холбоотой зөрчлийг /овог нэр, регистрийн дугаар/ 4 сарын 16-аас 20-ны дотор хүлээн авна.

 

 

                  ЗУРГАА. Бусад

 

6.1  Энэхүү журам нь БҮТ-ийн захирал тушаал гаргасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Copyright © 2006-2017
  ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.